Гурилын Шинэ Үйлдвэрийн Шав Тавих Ёслол Боллоо

Чингис хотод шинэ гурилын үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт боллоо. Тус шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү “Энсада холдинг” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Болдсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн хуучин гурилын үйлдвэрт ажиллаж байсан үе үеийн ахмадууд хүрэлцэн ирж, талархал илэрхийлсэн юм.
“Энсада холдинг” ХХК-ий ирэх 1 сард ашиглалтад оруулахаар барьж байгаа гурилын үйлдвэр нь хоногт 100 тонн улаан буудай тээрэмдэх, 1,5 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Тус үйлдвэрийн хувьд дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглох ба яг ийм 8 үйлдвэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Жилдээ 30 мянга гаруй улаан буудайг тээрэмдэж, сайн чанарын гурил үйлдвэрлэх боломж бүхий шинэ гурилын үйлдвэр Чингис хотод бий болсноор эхний ээлжинд 50-70 хүнийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэх юм. “Энсада холдинг” ХХК-ий хувьд 11 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд Хурх тосгон, Чандганы тал гэсэн газарт тус тус тариалан эрхэлж байна. Хэнтий аймаг энэ жил 9000 орчим тонн үр тариа тариалаад байгаа ажээ.
Анх 1921 онд зүүн 3 аймгийг гурилаар хангах зорилго бүхий гурилын үйлдвэрийг Хэнтий аймагт байгуулж, 1995 он хүртэл тасралттгүй үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй. Тэрхүү үйлдвэр нь жилдээ 30-40 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай байсан бөгөөд 2000 онд хувьчлагдаж, санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдал, техник технологийн хоцрогдлын улмаас үйл ажиллагаа нь бүрэн зогссон байдаг. Харин гурилын шинэ үйлдвэр барих саналыг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар мөрийн хөтөлбөртөө тусгасан нь ийнхүү биеллээ олж байна.

  • Огноо: 2016-09-25 02:04:21
  • Ангилал: Мэдээ

Мэдээ

Өмнөх мэдээ Дараах мэдээ